Бизнес өргөжин тэлэхийн хэрээр байгууллагууд үйл ажиллагаагаа автоматжуулах, ажлаа хөнгөвчлөх, бүтээмжээ нэмэгдүүлэх үүднээс төрөл бүрийн аппликейшн, системүүдийг тэр дундаа мэдээллийн технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага тулгардаг. Энэхүү бизнесийн шаардлагад үндэслэн сүүлийн үеийн шилдэг инновациудыг өөртөө агуулсан 14 дэх үеийн PowerEdge серверүүдийг Dell EMC компани энэ 2017 оны 07 сард дэлхий нийтэд танилцуулсан билээ.
Ай Ти Зон компаниас өөрийн харилцагч, хэрэглэгчиддээ шинэ үеийн серверийг танилцуулахаар Dell EMC компанитай хамтран “Advanced Servers. Accelerated Business” нэртэй бүтээгдэхүүний танилцуулах үйл ажиллагааг 10-р сарын 11ны өдөр Blue Sky зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Dell EMC компанийн Ази номхон далайн бүсийн энтерпрайз шийдлийн багийн Мурали Венкатеш хүрэлцэн ирж, шинэ үеийн серверүүдийн техникийн болон үр ашгийн давуу байдлуудыг танилцуулсан юм.
Ноён Мурали Венкатеш нь танилцуулгынхаа үеэр “Dell EMC компанийн хувьд Монголын зах зээлд маш онцгой ач холбогдол өгч ажилласаар ирсэн бөгөөд энэхүү шинэ үеийн технологио танилцуулж байгаа нь үүний нэгэн илрэл юм. Шинэ серверүүд маань Монголын зах зээлд орж ирэхэд бэлэн болсон. PowerEdge 14G серверүүд худалдаанд гарснаасаа хойш дэлхийн 5 рекордыг эвдсэн. Жишээ нь SAP дээрх гүйцэтгэл 50% илүү байж чадсан бөгөөд өмнөх үеийн серверээс 27% илүү хурдан, 50% илүү хурдан санах ойтой” хэмээн цохон дурдав.
PowerEdge 14G-ийн сүүлийн үеийн Intel Xeon Processor Scalable Family процессор нь 2666 MT/s хүртэлх хурдны шуурхай санах ойг дэмжиж ажилладаг бөгөөд Intel C620 серийн чипсет болон 25GbE хурд бүхий сүлжээний холболтууд зэрэг шинэчлэлүүдийг өөртөө агуулсан байна. Эдгээр гайхалтай үзүүлэлтийг нэгтгэсэн шинэ үеийн серверүүд нь одоогоор хамгийн шилдэг технологиор нэрлэгдэж буй бөгөөд мэдээллийн технологийн дэд бүтцийн удирдлагыг хялбаршуулах, бүрэн автоматжсан, хялбархан өргөтгөх боломж бүхий дэд бүтэцтэйгээр зохион байгуулагдсан аж.